
Хүний эрхэд суурилсан хандлага
1.1 Боловсрол дахь хүний эрхэд суурилсан хандлагын агуулга, үзэл баримтлал
Хүний эрх[1] гэдэг нь бүхэлдээ хүн хүмүүн болж төрснийхөө хувьд төрөхөөсөө эхлэн түүнгүйгээр амьдрах боломжгүй байх тухай ойлголт юм. Энэ утгаараа хүн төрөхөөсөө эрх чөлөөтэй, эрх тэгш байх ёстой гэсэн жам ёсны онол гарсан байна. Үүнээс бүр өмнө жам ёсны эрх зүйн тогтлоос эх сурвалжтай, заяагдмал салшгүй чанараараа нөхцөлдсөн болон төр, нийгмийн зүгээс хязгаарлан зөрчиж үл болох эрх, эрх чөлөөгөө хүн эдлэх ёстой гэсэн үзэл санааг эртний грекийн эрх зүйн философи[2] дэвшүүлж байжээ.
Английн философич ТомасГоббс (1588-1676) жам ёсны эрх нь бүх хүний өөрийгөө хамгаалан оршин тогтохын тулд өөрийн хүч чадлаа хүсэл зоригийнхоо дагуу ашиглах эрх чөлөө бөгөөд хууль нь хүнд, хүний амь насанд халтай эсвэл хэвийн амьдрахад нь саад учруулхуйц зүйл хийхийг хориглосон дүрэм, журам, заавар хэмээжээ.[3] Мөн Английн философич Жон Локк[4] үндсэн эрхийн суурь эрхүүдийг амьд явах, халдашгүй байх, өмчлөх гэсэн хүн бүрт төрөлхөөс нь заяагдмал эрхүүд мөн гэж үзсэн байдаг.
“Эрх бол хэн нэгэн чамд өгсөн зүйл биш энэ бол хэн ч чамаас авч чадахгүй тийм зүйл” гэж хүний эрхийн нэрт зүтгэлтэн Элеанора Рүүсвелт[5] хэлжээ.
1776 оны Америкийн тусгаар тогтнолын болон 1789 оны Францын хүний ба иргэний эрхийн тунхаглалуудаар философийн энэхүү танин мэдэхүй нь анх удаагаа хууль, эрх зүйн хэм хэмжээ болон албан ёсоор тодорхойлогдсон юм.[6] Tэр үеэс л хүний үндсэн эрх(basic right) нь дэлхийн олон улс орны Үндсэн хуулийн бүрэлдэхүүнийсалшгүй нэгэн хэсэг нь болох болжээ.[7] Өнөө үед тухайнамьдран буй нийгмийн нь хөгжлийн эрх зүйн бодит зүй тогтол, эрх зүйн шаардлагаар нөхцөлдсөн хүний эрх, эрх чөлөө халдашгүй байдлыг хүний эрх хэмээн[8] тодорхойлно гэж германы эрдэмтэн Даниел-ЭрасмусКхан[9] үзсэн байна. Хүний эрхийн асуудал үүсэж шинжлэх ухааны судлагдахуун болсон эхэн үедээ улс төрийн болон иргэний эрхээр хязгаарлагдаж байснаа XIX зууны сүүлчээс нийгэм, эдийн засгийн, XX зууны хоёрдугаар хагасаас экологийн, эрүүл мэндийн, мэдээллийн, хөгжлийн гэх зэргээр өргөжиж, ХХI зууны эхэн үеэс боловсрол олох жам ёсны эрхэд анхаарал тавих болов.[10] Олон улсын эрх зүйн практикаас авч үзвэл улс гүрнүүд хүний эрх, эрх чөлөөг үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрээр хамгаалан хэрэгжүүлдэг байна. Хүний эрхийг хэрэгжүүлэх гэдэг нь аливаа нэгэн иргэн буюу байгууллага өөрийн үйл ажиллагаагаа явуулахдаа Үндсэн хуулийн дагуу тунхаглагдсан хүний эрхийг хүндэтгэх ёстой гэсэн ойлголт юм. Хүний эрхийг хэрэгжүүлэх үүрэг бүхий этгээдүүд байдаг явдал нь хүний эрхийг хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй буюу уг эрхээ хамгаалуулах шаардлагтай субъектүүд байдагтай холбоотой. Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс иргэдийнхээ эрх, эрх чөлөөг үндсэн хуулиараа хамгаалсан байдаг ажээ. Гэхдээ дэлхийн улс гүрний хуулийн систем өөр өөр, соёл, зан заншлын өвөрмөц байдлын улмаас хүний эрхийг хамгаалах асуудлыг бүс, тивээр нь төрөлжүүлэн хуульчилж, биелэлтэд нь хяналт тавьдаг байнгын механизмтай болсон байна. Тухайлбал; Европын орнууд гэхэд хүний эрхийг өөрсдийн дотоодын хууль тогтоомжоос гадна Хүний эрхийн тухай 1953 оны Европын конвенциор баталгаажуулан, хүний эрх зөрчигдөж буйд нь хяналт тавьдаг Хүний эрхийн Европын комисстой, хүний эрхийн Европын шүүхтэй байна.
Америк тивийн орнуудын хувьд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг Америк тивийн орнуудын 1969 оны конвенцийн заалтаар зохицуулж, биелэлтэд нь Хүний эрхийн америкийн орнуудын комисс хяналт тавьж, хүний эрхтэй холбогдсон аливаа зөрчлийг шүүх нь хянан шийдвэрлэдэг байна. Африкийн орнуудын хүний эрх, эрх чөлөөг Африкийн нэгдлийн байгууллагын дүрэм, хүн төрөлхтөн, ард түмний эрхийн тухай 1981 оны дүрмийн заалтын дагуу зохицуулж байх жишээтэй. Гэтэл Азийн орнуудын хувьд ийнхүү бүсчлэн, төрөлжүүлэн хуульчилсан баримт бичиг байдаггүй бөгөөд гол төлөв үндэсний хууль болон НҮБ-аас батлан гаргасан конвенц, эрх зүйн үүднээс авч үзвэл заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй зөвлөмжийн шинж чанартай баримт бичгүүдийн үндсэн дээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалж байна. Энэ нь азийн орнуудын нийгэм-эдийн засгийн хөгжлийн түвшин харилцан адилгүй, соёл, ёс заншлын хувьд өвөрмөц байдалтай холбоотой юм.
Монгол улс НҮБ-аас батлан гаргасан хүний эрхийн асуудлаарх 30 гаруй гэрээ конвенцийн 18-д нь оролцогч бөгөөд олон улсын эрх зүйн “pacta sund servanda”[11] зарчмын дагуу тэдгээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө чармайж, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг олон улсын жишгийн дагуу 1992 оны Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрч, даган мөрдөж байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалаар бол хүний эрх, эрх чөлөө нь хүний төрөлхийн салшгүй эрх байх ёстой. Энэ нь “төрөөс иргэндээ эрх, эрх чөлөөг олгож эдлүүлдэг” гэсэн марксист онолоос татгалзсаныг харуулж байна. Хүний эрх, эрх чөлөөг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу өнөөгийн хөгжлийн түвшинд Монгол улс Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор баталгаажуулан хангасан гэж үздэг. Харин хувь хүн эрхээ тэр бүр ойлгохгүй, ойлголоо ч түүнийгээ амьдрал дээр эдлэх, хамгаалуулах эрхийн соёл дутагдаж байна. Энэ нь хүний эрхийн ойлголт болон олон улсын гэрээ конвенцийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна. Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ, тухайлбал НҮБ-аас батлан гаргасан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн биелэлтийг 1995 онд анх удаа Хүний эрхийн хороогоор хэлэлцүүлсэн. Хүүхдийн эрхийн тухай конвенц нь Нэгдсэн үндэстний байгууллагаас батлан гаргасан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах дээд хэм хэмжээ бүхий олон улсын эрх зүйн баримт бичиг мөн. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Ерөнхий Ассамблейгаас 1948 онд батлагдан гарсан байна.[12] Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт[13]-д хүний эрхийг хамгаалахтай холбогдсон өргөн агуулгатай, стандартын заалтууд тусгагдсан бөгөөд улс гүрэн бүр тэдгээр заалтыг даган мөрдөж, өөрсдийн дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулах үүрэг хүлээсэн юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд (1948) хүний эдэлбэл зохих эрхүүдийг[14] заасан байдаг бөгөөд эдгээр эрхүүд нь олон улсын хүний эрхийн тунхгуудаар дамжин улс орнуудын хууль эрх зүйд багтаж улмаар нийгмийн харилцаанд нэвтэрдэг. Хүний эрхийн хамгийн наад захын хэм хэмжээ нь өөрийгөө хүндэтгэн амьдрах явдал юм. Энэ нь хуваагдашгүй, салшгүй, түгээмэл шинж чанартай байж хүн бүрт харъяалагддаг байна. Хүний үндсэн эрхийн (basic rights) үзэл баримтлалын гол агуулга нь эрхэмсэг оршихуй(human dignity) буюу өөрөө өөрийгөө мэдэх эрх юм.[15] Энэ нь өөрийн бие, сэтгэлийг эрхлэх[16] тухай хувь хүний бүрэн эрхэд (human sovereignty) хамаатай. Тухайлбал хүний оюун ухаан, бие махбодь нь заяагдмал учраас амьд явах буюу өөрийнхөөрөө амьдрах (идэвхтэй) эрхтэй. Амьд явах эрх гэдэг нь хүн бүр өөрийгөө мэдэж өөрийн амьдралдаа шийдвэр гаргах, оролцох эрхтэй байхаар илэрхийлэгддэг билээ. “Ерөөс хүний бүх эрх нь хүн өөрөө өөрийгөө мэдэх, өөрсдийн бие махбодийг эзэмших үндсэн эрхээс гарч ирж буй өмчлөх эрх юм”[17] гэж философич Дэвид Боаз[18] тодорхойлжээ. Хүн өөрөө өөртөө эзэн болсон хүчирхэг бие хүн байснаар бусдаас үл хамааран эрхэмсэг оршиж чадна. Мэдээлэл сайтай тодорхой мэдлэгтэй хүн хүчирхэг байж эрх мэдэлтэй болно. Өөрөөр хэлбэл хүчирхэг, эрх мэдэл (privilege) бүхий байх нь эрхэмсэг оршиж, бусдын эрхийг хүндэлж, бусдаар эрхээ хамгаалуулах үндэс болдог ажээ.
[1] Human rights- Хүний эрх нь хүн болсны хувьд арьсны өнгө, үндэс угсаа, улс төрийн болон шашин шүтэх , үзэл бодол, нийгмийн байдал, нас хүйс зэргээс үл хамааран хүн бүрийн эдэлбэл зохих эрх чөлөөнүүд юм.
[2] Даниел-Эрасмус Кхан, Хүний эрхийг сахин хамгаалах, хэрэгжүүлэх механизм, Олон улсын симпозиумд тавьсан илтгэл, 1996
[3] Д.Лүндээжанцан Эрх зүйн философи, Уб 1998, хуу 24
[4]Жон Локк (1632-1704), либерализмын эцэг гэдгээр нь өргөн мэддэг, Английн философич.
[5] АНУ-ын тэргүүн хатагтай асан Анна Элеанора Рүүсвелт (1884-1962) нь НҮБ-ын Хүний эрхийн хорооны анхны даргаар ажиллаж байсан бөгөөд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг зохиоход чухал үүрэгтэй оролцжээ
[6] Д.Лүндээжанцан Эрх зүйн философи, Уб 1998, хуу 24
[7] 1848 оны Францын Үндсэн хууль нь “эрх, үүрэг нь хууль тогтоомжоос анхдагч...” болохыг хүлээн зөвшөөрсөн байна. 1949 оны 5-р сарын 23-нд батлагдсан Герман улсын үндсэн хууль энэ уламжлалыг баримтлан 1-р зүйлдээ “Хүний эрх, нэр хүнд халдашгүй. Түүнийг сахин хамгаалах нь төр улсын үүрэг” гэж заасан байна.
[8] Ханнс- Зайделийн сан, Хүний эрх ба үндэсний аюулгүй байдал, Уб., хуу 216
[9] Даниел-Эрасмус Кхан ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор
[10] Пүрэвдорж Ч. Багшлахуйн менежмент. Уб., 2010, хуу 159
[11]Pacta sund servanda- гэрээг заавал биелүүлэх ёстой гэсэн утгыг илэрхийлдэг латин гаралтай үг.
[12] НҮБ-ын Ерөнхий Ассамблей, 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ. 1950 оноос энэ өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгосон байна.
[13] НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон. МУ 1974 оны 11 сарын 18-нд соёрхон баталсан.
[14] Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Төрийн мэдээлэл сэтгүүл, Тусгай дугаар, I боть,Уб., 2004, хуу 10
[15] Дэвид Боаз, Либертарианизм, УБ, 2005, хуу 91
[16] Ямар нэг үйл ажлыг бие дааж хариуцаж гүйцэтгэх, Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, УБ, 1966, хуудас 887
[17] Дэвид Боаз, Либертарианизм, УБ, 2005, хуу 91
[18] Дэвид Боаз, Америкийн либертари хөдөлгөөний зүтгэлтэн, филосфич