
ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ХАНДЛАГЫГ СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТЭД НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗАМ
Өмнөтгөл
Хүний эрхэд суурилсан хандлага нь тун саяхнаас боловсролын салбарын баримтлах нэг чиг хандлага болж байна. Хүмүүс зөвхөн чанартай боловсрол эзэмших эрхтэй төдийгүй, хүний эрхийг хүндэтгэх, үр дүнгээ удаан хугацааны туршид өгөх мэдлэг чадварт суралцах эрхтэй байдаг. Хүний эрхэд суурилсан хандлагыг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлэх гол арга зам бол сургууль бүр хүүхдэд ээлтэй болох, хүний эрхийг хангасан, хүчирхийлэлгүй сургуулийн орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургуулийн менежментийг хийх явдал юм.Хүний эрхэд суурилсан хандлага нь нэг талаас үүрэг хүлээгчид өөрсдийн хүлээсэн үүргийн төлөө хариуцлага хүлээх, нөгөө талаас эрх эдлэгчид эдлэх ёстой эрхээ шаардах нөхцөлийг хүний эрхийн үндсэн дээр хангаж байгаа үйл явц тул сургуулийн менежментийн үе шат бүрт хариуцлага, ил тод, тунгалаг байдал, үл ялгаварлал, оролцоо гэсэн хүний эрхийн 4 үндсэн зарчим хэрэгжсэнээр хүний эрхийг хүндэтгэсэн сургуулийн орчин бий болно. Хүний эрхэд суурилсан хандлагыг сургуулийн менежментэд нэвтрүүлэх үйл явц нь сургуульд аюулгүй, хамгаалагдсан материаллаг орчин, нийгэм сэтгэл зүйн эерэг орчин бүрдүүлэх, бүх төрлийн хүчирхийлэл дарамтыг арилгах хүний эрхийн боловсрол олгох тогтолцоог хөгжүүлэхэд чиглэгддэг. Хүний эрхэд суурилсан хандлагыг сургуулийн менежмент, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх гол аргачлал нь үр дүнд суурилсан менежмент юм. Иймд энэхүү хүний эрхэд суурилсан хандлагыг үр дүнд суурилсан менежментийн аргачлалаар сургуульд нэвтрүүлэх арга замыг судалсан энэхүү хувилбарыг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр боловсролд хүний эрх бодит биелэлээ олж үр дүнтэй хэрэгжих болно хэмээн үзэж та бүхний мэргэн оюунд өргөн барьж байна.
Зохиогч